Монгол Улсын Элчин сайдын яам

Гадаад бодлого

Монгол Улс улс төрийн олон ургалч үзэл, ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш энхтайван, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого баримталж байна. Өнөөдөр Монгол Улс 170 гаруй улстай дипломат харилцаатай.

Монгол Улс хоёр хөрш, гуравдагч хөршүүд болон олон барууны болон зүүний улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байна. НҮБ-ын байгууллагууд, бусад олон улсын болон бүс нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах нь гүнзгийрч, бүс нутгийн олон талт үйл ажиллагаанд оролцох оролцоо нэмэгдсэн нь олон улсын тавцан дахь манай улсын нэр хүндийг бэхжүүлсэн.

Монгол Улс 2011-2013 онуудад Ардчиллын хамтын нийгэмлэгийг (Community of Democracies) амжилттай тэргүүлж, 2013 оны 4 сарын 27-29-нд Улаанбаатар хотноо Ардчиллын хамтын нийгэмлэгийн VII Сайд нарын чуулганыг зохион байгуулсан.

Гадаад болон дотоод нөхцөл байдал, өмнө тулгарч буй зорилго, сорилтуудыг харгалзан УИХ 2011 оны 2 сард Монгол Улсын гадаад бодлогын шинэчилсэн үзэл баримтлалыг баталсан.

Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд Оросын Холбооны Улс, БНХАУ-тай хоёр талын харилцаа стратегийн түншлэлийн шинэ түвшинд хүрсэн. Үүний зэрэгцээ “гуравдагч хөрш”-төй харилцаа, хамтын ажиллагаа дэвшсэн. Тухайлбал, Япон улстай стратегийн түншлэл, АНУ, Герман, БНСУ, Энэтхэг, Турк улсуудтай иж бүрэн түншлэлийн харилцаа тус тус бэхэжсэн. Европын Холбоо болон гишүүн улсуудтай харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжсөөр байна.

Монгол Улс 2002 оноос НҮБ-ын Иракийн, Афганистан, Косово, Сьерра-Леоне, Чад, Судан, Баруун Сахар, Конго, Этиоп, Гүржийн энхийг сахиулах ажиллагаанд 5,600 гаруй цэргийн алба хаагч илгээсэн. Одоогийн байдлаар Конго, Баруун Сахар, Өмнөд Суданд хэд хэдэн цэргийн ажиглагч ажиллаж байна. Үүнээс гадна, Судан дахь НҮБ-Африкийн Холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд 70 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн полевой эмнэлэг ажиллаж байна.

Хэрэгцээт холбоосууд

Засгийн газар болон хамтын ажиллагааны байгууллагууд