Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын дипломат харилцаа 1987 оны 1 сарын 27-нд тогтоосон.
Монгол Улс XX зууны эхэн үеэс АНУ-тай дипломат харилцаа тогтоох оролдлогуудыг хийж байсан. 1913, 1914 онуудад тухайн үеийн Богд хааны Засгийн газар АНУ-ын Санкт-Петербург, Бээжин дэх ЭСЯ-уудаар дамжуулан албан ёсны харилцаа тогтоох санал тавьсан түүхтэй. 1921 оны Ардын хувьсгалын дараа ч Монгол Улс дипломат харилцаа тогтоох санал дахин тавьсан.
Америкийн талаас Хятадын Хүбэй мужид байрлах Консулын газартаа Монгол Улсыг хариуцсан тусгай консулын ажилтан томилж байжээ. АНУ-ын дэд ерөнхийлөгч Хенри Уоллес 1944 онд ЗХУ, Хятадад зочлох айлчлалынхаа үеэр Монгол Улсад зочилсон нь чухал ач холбогдолтой үйл явдал байсан бөгөөд 1945 оны Ялтагийн бага хуралд Монгол Улсын статус-квог хүлээн зөвшөөрөхөд нөлөөлсөн.
Өнөөдөр хоёр улсын харилцаа улам бэхжиж, өргөжсөөр байна. 2004 онд хоёр улсын удирдагчид “хоёр ардчилсан улс хоорондын хамтын үнэт зүйл болон ерөнхий стратегийн ашиг сонирхолд тулгуурласан хамтын ажиллагаа, иж бүрэн түншлэлийн шинэ эрин”-г зарласан.
АНУ нь “Монгол Улсын ардчилсан, эдийн засгийн шилжилт, шинэчлэлийг бат бэхтэйгээр дэмжиж, Монгол Улсыг боловсорсон, тогтвортой ардчилсан улс, хувийн хэвшил тэргүүлсэн чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс болоход чиглэсэн ахицыг сайшаадаг” билээ.
Монгол Улс “Гуравдагч хөрш”-ийн бодлогынхоо хүрээнд АНУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хадгалахаа батлан тогтоодог. АНУ нь 1990-ээд оноос Монгол Улсын ардчилал, шинэчлэл, зах зээлийн эдийн засагт шилжих ажиллагааг тогтвортой дэмжиж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж нь Монгол Улсад нийтлэг ардчилсан үнэт зүйлсийг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
Хоёр тал бүх төвшинд тогтмол өндөр төвшний айлчлал, зөвлөлдөөн явуулдаг. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2007, 2011 оны айлчлал, Ерөнхий сайдын 2008 оны айлчлал АНУ-д, мөн АНУ-ын ерөнхийлөгч Жорж В.Бушийн 2005 оны, дэд ерөнхийлөгч Жо Байдены 2011 оны Монгол Улсад хийсэн айлчлалууд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
АНУ нь Монгол Улсын чухал худалдааны түнш юм. Хоёр улсын хооронд хийсэн нийт барааны худалдаа 2012 онд 539.6 сая ам.долларт хүрсэн. Энэ нь АНУ-ыг Монгол Улсын БНХАУ, Орос улсын дараа орох 3 дахь том худалдааны түнш болгосон юм.