МОНГОЛ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхийлөгч Жорж В.Буш нар Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын олон жилийн найрамдлыг өнөөдөр дахин баталгаажуулж, 2004 оны 7 сарын 15-ны Хамтарсан Ерөнхийлөгчийн Мэдэгдэлд тунхагласан хоёр ардчилсан улсын дундын үнэт зүйл, ерөнхий стратегийн ашиг сонирхолд тулгуурласан иж бүрэн түншлэлийн хүрээг тодорхойлох, өргөтгөх амлалт өгөв.
Ерөнхийлөгч Буш Америкийн ард түмний нэрийн өмнөөс Катрина хар салхины хохирогчдод Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс илгээсэн өрөвдөл, өгөөмөр санхүүгийн тусламжид талархлаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Буш Монгол Улсын хүний эрх, иргэний эрх чөлөөг хүндэтгэдэг боловсорсон, тогтвортой ардчилсан улс, хувийн хэвшил тэргүүлсэн чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс болох ахицыг сайшаав.
Тэрээр монгол ард түмэнд Мянганы Сорилтын Сангийн эрх олгоход тэнцсэнд нь баяр хүргэж, эдийн засгийн өсөлтөд тулгуурлан ядуурлыг бууруулах, Монгол Улсын Засгийн газрын улс төр, эдийн засгийн шинэчлэлд оруулсан амлалтыг тусгасан Компакт хэлэлцээрийг амжилттай байгуулах нь чухал гэдгийг тэмдэглэв.
Хоёр Ерөнхийлөгч хууль дээдлэх, хариуцлагатай засаглал, ил тод байдал, олон нийтийн салбарын хариуцлагын ач холбогдлыг ухамсарлан, Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцыг соёрхон баталсныг сайшаав. Хоёр Ерөнхийлөгч Монгол Улсын бүс нутгийн болон олон улсын улс төр, эдийн засаг, санхүүгийн бүтцэд оролцох оролцоог дэмжихээр хамтран ажиллахаар тохирчээ.
Хоёр Ерөнхийлөгч олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж буй терроризмыг устгахын төлөөх ач холбогдолтой амлалтаа онцолж, Монгол Улсын Афганистан, Ирак дахь тогтворжуулалт, сэргээн босголтод оруулсан хувь нэмрийг сайшаав.
Улаанбаатар, 2005 оны 11 сарын 21