МОНГОЛ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
Ерөнхийлөгч Жорж Буш, Ерөнхийлөгч Н.Багабанди нар хоёр ардчилсан улсын дундын үнэт зүйл, ерөнхий стратегийн ашиг сонирхолд тулгуурласан хамтын ажиллагаа, иж бүрэн түншлэлийн шинэ эринийг өнөөдөр зарласан. 2004 оны 1 сарын 31-нд гарсан хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлэх ажилд гарсан ахиц дэвшлийг хүлээн зөвшөөрч, хоёр улсын ирээдүйн зөвлөлдөөн, хамтын ажиллагааны сэдвээр нааштай үзэгдэв. Хоёр тал бүх төвшинд тогтмол зөвлөлдөөн явуулах талаар ажиллахаар тохирчээ.
АНУ Монгол Улсын ардчилалд хатуу амлалттай гэдгийг харуулсан саяхны чөлөөт, шударга сонгуулийг сайшаав. Ерөнхийлөгч Буш Монгол Улсын ардчилсан, эдийн засгийн шилжилт, шинэчлэлийг АНУ хатуу дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж, Монгол Улсын боловсорсон, тогтвортой ардчилсан улс, хувийн хэвшил тэргүүлсэн чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс болох ахицыг сайшаав.
Ерөнхийлөгч Буш Ерөнхийлөгч Багабанди, Монголын ард түмэнд Мянганы Сорилтын Сангийн эрх олгоход тэнцсэнд нь баяр хүргэж, тогтвортой эдийн засгийн өсөлтөд хүрэх шинэ арга барил болох энэ хөтөлбөрийн дагуу эрх олгох болно гэдгээ илэрхийлэв. Хоёр Ерөнхийлөгч ардчилсан, аюулгүй, эгэл жаргалтай Монгол Улс нь хөршүүдтэй найрсаг харилцаатай байж, бүсийн болон олон улсын эдийн засаг, улс төр, аюулгүй байдлын форумд идэвхтэй оролцох нь Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах гол хүчин зүйл гэж тохиролцов.
Ерөнхийлөгч Буш Монгол Улсын олон улсын терроризмын эсрэг тэмцэлд оруулж буй амлалтыг сайшааж, Афганистан, Иракийн тогтворжуулалт, сэргээн босголтод оролцож буйг талархан илэрхийлэв. АНУ, Монгол Улс хоёр Монгол Улсын олон улсын энхийн дэмжлэгийн хүчин чармайлтад оруулах хувь нэмрийг ахиулахаар хамтран ажиллахаар тохирчээ.
Хоёр Ерөнхийлөгч идэвхтэйгээр хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжихээр тохиролцож, Ерөнхийлөгч Багабандийн айлчлалын үеэр АНУ-Монгол Улсын хооронд Худалдаа, хөрөнгө оруулалтын суурь хэлэлцээрт гарын үсэг зурсаныг тэмдэглэв.
2004 оны 7 сарын 15
Вашингтон, ДиСи